Тоглолтууд

<<<10 дугаар сар 2014>>>
 ДМЛПББН
40293012345
416789101112
4213141516171819
4320212223242526
44272829303112
453456789

Морин хуурын чуулга


11.01.15

Монгол Улсын Засгийн газрын 1992 оны 7дугаар сарын 09-ний тогтоолоор Морин хуурын чуулга байгуулагдсан түүхтэй. Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 98 дугаар тогтоолоор Улсын Филармоний бүрэлдэхүүнд орсон.

Анхны нээлтийн тоглолтоо 1993 оны 4 дүгээр сарын 16-нд Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт хийснээр Монголын хөгжмийн урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээж , их урлагийн замд хөл тавьснаас хойш өнөөдөр Монгол үндэсний соёл урлаг, өв уламжлал, зан заншлын бахархал болж, өөрийн оронд төдийгүй дэлхий дахинаа нэр хүндтэй мэргэжлийн чуулга болон хөгжжээ.

Тус чуулгын уран сайхны удирдагч, удирдаач Монгол Улсын Ардын жүжигчин Цэндийн Батчулуун Морин хуурын чуулгыг зохион байгуулах, бэхжүүлэх, урын санг баяжуулах , гадаад дотоодын хөгжмийн зохиолчдын бүтээлийг удирдан тоглуулах, залуу боловсон хүчнийг сурган хүмүүжүүлэх, Монголын ардын урлагийг хөгжүүлж, дэлхийн олон нийтэд танилцуулахад өөрийн авъяас, уран чадвараа зориулан ажиллаж байна.

Тус чуулга төрийн том арга хэмжээнүүд, концерт, тусгай арга хэмжээ, “Алтан намар”, “Морин хуур”, зэрэг дуу хөгжмийн наадмуудад байнга оролцохын зэрэгцээ уран сайхны болон баримтат, теле кино, жүжгийн олон арван бүтээлүүдийг тоглохоос гадна Ардын жүжигчин, төрийн шагналт С.Гончинсумлаа, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Л.Мөрдорж, Б.Дамидансүрэн, Н.Жанцанноров, Урлагийн гавъяат зүтгэлтэн Г.Алтанхуяг, Д.Баттөмөр, залуу хөгжмийн зохиолч Б.Мөнхболд, Х.Алтангэрэл, Д.Түвшинсайхан болон Бизе, Дж.Пуччини, П.Чайковский, А.Дворжак, А.Хачатурян, Хэ Жин Хау, Чен Кай зэрэг сонгодог болон Монголын орчин цагийн хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүдээс бүрдсэн дуунаас дуурийн бүтээл, дан хөгжмийн зохиолоос симфонетта, концерт, бүжгээс балет хүртлэх бүхий л хөгжмийн төрлийг багтаасан арвин баялаг урын сан бүрдүүлсэн.

Сүүлийн жилүүдэд Н.Жанцанноровын “Гэгээн тал”, “Монголын хөгжмийн зохиолчдын Морин хуурт зориулсан бүтээлүүдийн дээжис”, “Хуураар хөглөгдсөн дэлхийн хөгжмийн дээжис” , Д.Түшинсайханы найруулага “Учиртай 3 толгой” чуулбар зэрэг томоохон бүтээлүүдийг туурвин хөгжим судлаачид, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан.

Морин хуурын чуулга 2004 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал, 2006 онд МҮХАҮТ-аас Морин хуурын чуулгад “Image Ambassador of Mongolia” хүртсэн.

Мөн Япон, ОХУ, БНСУ, АНУ, Канад, Франц, Итали, Герман, Швейцари, Австри, БНХАУ, Макао, Тайвань зэрэг орноор аялан тоглож, дэлхийн шилдэг театрууд болон Японы “Suntory Hall”, “Accross’’, ‘’Orchard Hall”, АНУ-ын “Carnegie Hall’’, Нью-Йорк хотын НҮБ-ийн их танхим, Германы Берлин хотын Филармони, Тайванийн Чан Кай Шигийн нэрэмжит театрт Морин хуур хөгжмийн гайхамшигт аялгуугаар дамжуулан эх орноо сурталчилж, эх орондоо төдийгүй гадаадын олон улс орнуудад монголын нэрийн хуудас, шинэ хэв маягийн брэнд болж чадсан нь энэ хамт олны бас нэгэн том амжилт юм.