Монголын ард түмний гайхамшигт их урлагийн нүүр царай болсон Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын Филармоний Албан ёсны цахим хуудсанд тавтай морилно уу?
Эхлэл Танилцуулга

Танилцуулга

Монгол Улсын ФилармониМонголын ард түмний гайхамшигт их урлагийн нүүр царай болсон Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын Филармонийн уран бүтээлч хамт олны нэрийн өмнөөс урлаг соёлоо хайрлан дээдлэж туслан дэмжиж байдаг сайхан сэтгэлтэй үзэгч, сонсогч , уншигч олон түмэн та нартаа ирж байгаа шинэ ондоо амжилт бүтээлийн олз омог ихтэй аз жаргалтай байхын өлзийтэй ерөөл дэвшүүлж мэндчилье.

БНМАУ-ын Соёлын Яамны шийдвэрээр 1957 онд Монголын Радио Хорооны дэргэд Симфони найрал хөгжим байгуулагдсанаар Улсын Филармонийн үндэс тавигдаж улмаар 1972 онд Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Мэдээлэл, радио телевизийн Улсын Хорооны дэргэдэх "Баян Монгол"джаз найрал хөгжим, Улсын Ардын Дуу Бүжгийн Чуулгын дэргэдэх "Соёл-Эрдэнэ" дуу хөгжмийн хамтлагийг нэгтгэн Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Намсрайжавын санаачлагаар Улсын Филармонийг байгуулсан юм.

Симфони найрал хөгжмийг үндэслэн байгуулагч Ц.Намсрайжав 30 гаруй жил тус байгууллагын дарга, уран сайхны удирдагч, ерөнхий удирдаачаар ажиллаж ард түмэндээ сонгодог урлаг сурталчлах, өөрийн орны болон гадаад орнуудын хөгжмийн зохиолчдын уран бүтээлүүдийг туурвин бүтээх үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулсныг Төр Засгаас өндрөөр үнэлж 1992 онд Нийслэлийн засаг даргын шийдвэрээр Улсын Филармонийг Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Намсрайжавын нэрэмжит болгосон юм.

Улсын филармонид одоогоор Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, "Баян Монгол" джаз найрал хөгжим гэсэн үндсэн 3 анги болон бие даасан уран бүтээлчдийн хамтлагуудаас бүрдсэн хамт олон 2009 оныг "Сонгодог Урлагийн жил" хэмээн зарлаж үйл ажиллагаандаа шамдан ороод байна.

Симфони найрал хөгжмийн уран бүтээлчид сонгодог хөгжмийн урлагийг хөгжүүлэх, олон түмэнд түгээн сурталчлахад лекц концертын хэлбэрийг ашиглаж байгаа нь үр нөлөөтэй ажил болж байна. Өнгөрсөн онд симфони найрал хөгжмийн туурвисан томоохон бүтээлүүдээс дурьдвал: Л.Бетховений 4, 5-р симфони "Эгмонт" "Кориолан" удиртгалууд, симфони удиртгалууд, П.И.Чайковский виолончель, оркестрт зориулсан "Рококо", С.Рахманиновын төгөлдөр хуурын 2-р концерт, оркестрт зориулсан концертууд,Олон Улсын Симфоний Фестиваль, Дэлхийн сонгодог симфониудын шилдэг хэсгийн тоглолт, Монголын хөгжмийн зохиолчдын Улсын сан дахь шилдэг бүтээлүүдийн концерт зэрэг олон арван бүтээлийг нэрлэж болох байна.

Манай морин хуурын чуулга амжилт бүтээл арвинтай байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Морин хуурыг дээдлэн дэлгэрүүлэх тухай" зарлиг гарч олны хүртээл болон хэрэгжихэд морин хууры чуулгын тоглолт бодит үлгэр дуурайлал болсон төдийгүй дотоод, гадаадын үзэгч олны талархал таашаалыг хүлээснээр морин хуур хөгжмийг "Дэлхийн оюуны соёлын биет бус өв" хэмээн батламжлагдлаа.Морин хуурын чуулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг гардан авч, БНСУ-д зохиогдсон Дэлхийн соёлын нээлттэй наадмын Гран при шагналын эзэн болсон ба МҮХАҮТ-аас "image Ambassador of Mongolia" өргөмжлөл олгосон зэргийг дурьдахад таатай байна. Мөн Япон, ОХУ, БНСУ, АНУ ,Канад, Франц, Итали, Герман, Швейцари, Австри, БНХАУ, Макао, Тайвань зэрэг улсуудад аялан тоглож морин хуур хөгжмийн гайхамшигт аялгуугаар өөрийн эх орныхоо нэрийн хуудас, шинэчлэгдсэн брэнд болж чадсан юм.Тус чуулгын урын сангийн зонхилох хувийг Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын бүтээлүүд эзэлдэг гэдгийг дурьдах хэрэгтэй.Тус чуулга дуунаас дуурийн бүтээл, дан хөгжмийн зохиолоос симфонетта, концерт, бүжгээс балет хүртлэх бүхий л хөгжмийн төрлийг багтаасан арвин баялаг урын санг бүрдүүлжээ. Сүүлийн жилүүдэд "Монголын хөгжмийн зохиолчдын морин хуурт зориулсан бүтээлүүдийн дээжис", "Хуураар хөглөгдсөн дэлхийн хөгжмийн дээжис", "Учиртай 4 толгой" чуулбар гэх мэт олон шинэ бүтээлүүдийг сонсогчдын хүртээл болголоо.

Манай Улсын нэртэй чуулгын нэг болох "Баян Монгол" чуулга үүсэж байгуулагдсаныхаа 40 жилийн ой энэ онд болох юм.Тус чуулгын хийсэн бүтээсэн зүйлийг нэрлэнэ гэвэл асар их зүйлийг тоочих хэрэгтэй болох нь тодорхой.Тоймлож сүүлийн үеийн бүтээлүүдээс дурьдвал:"Хаврын уянга," "Мооnlight serenade," "Перфект джаз", "Jazz night","Сентиз джаз", "Веst jazz world" зэрэг бүтээлүүдийг хийж олны хүртээл болгосон төдийгүй энэ онд Олон Улсын Эстрадын дуучдын тоглолт, "Джазын гайхамшиг," Баян Монгол" джаз найрал хөгжмийн 40 жилийн ойд зориулсан шилдэг уран бүтээлийн нэгдсэн тоглолт хийхээр ажиллаж байна.

Ийнхүү хамт олныхоо амжилт бүтээлийг дурьдахын зэрэгцээ нэгэн үйл явдлыг дурьдахгүй өнгөрч боломгүй байна.Өнгөрсөн оны 07 сарын 01-нд болсон үймээн самууны үеэр нийгмийн бухимдлыг далимдуулсан тонуулч дээрэмчдийн гайгаар манай байгууллага хамт олон ихээхэн хэмжээний материалаг болон оюун санааны хохирол амссан билээ.

Урлаг соёлоо дээдлэн хайрлаж тусалж дэмжсэн Монгол Улсын Засгийн газар, байгууллага хамт олон, хувь хүмүүст хамт олныхоо өмнөөс баярлан талархаж байгаагаа дахин дахин илэрхийлье.Та бүхнийхээ дэмжлэгтэйгтээр байгууллагынхаа материалаг баазыг бэхжүүлэхэд анхаарч ажлын байрны 2-р давхрын их засврын ажлыг бүрэн дуусгаснаар концертын заал, Фойе бүрэн шинэчлэгдэж үзэгчдийн болон уран бүтээлчдийн тав тухыг хангах боломжтой боллоо.

Энэ онд манай хамт олон уран бүтээлийнхээ ажлын зэрэгцээ хөрөнгө мөнгөний боломж олдвол 1-р давхрынхаа засврын ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна.

 

Тоглолтын хуваарь

<<  Есдүгээр Сар 2010  >>
 1  2  3  4  5  6  7 
    1  2  3  4  5
  6  7  8  9101112
13141516171819
20212223242526
27282930