БНМАУ-ын Ардын жүжигчин , Төрийн шагналт, удирдаач Цэгмидийн НАМСРАЙЖАВ
(1927-1987)
(1927-1987)
Цэгмидийн Намсрайжав 1927 онд төрсөн. 8 настайдаа “Бөмбөгөр ногоон” театрт дагалдан хөгжимчнөөр орсон цагаас 50 гаруй жил их урлагийг хөгжүүлэх үйлсэд үлэмж хувь нэмэр оруулсан, манай нэрт удирдаач, хөгжмийн зохиолч гарамгай зохион байгуулагч.Хуучир хөгжмөөр уран бүтээлийнхээ замналаа эхлэн, улмаар валторн хөгжмийг чадварлаг эзэмшиж, монголдоо симфони найрал хөгжмийн анхны бүтээл болох “Хувьсгалт баатарлаг марш”-ийг туурвин бүтээж, 1951 онд Гавьяат жүжигчин цол хүртсэн юм.
Ц.Намсрайжав 1952 онд Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуулийн удирдаачийн ангид элсэн, амжилттай төгсөн эх орондоо Симфони найрал хөгжмийг үндэслэн байгуулсан анхны дээд боловсролтой удирдаач бөгөөд байгууллагын дарга, уран сайхны удирдагч, ерөнхий удирдаачаар 30 гаруй жил ажиллаж байсан.
Хөгжмийн зохиолчийн хувьд дан хөгжмийн зохиол, вальс, хөгжмийн зураглал, бүжгийн хөгжим, зохиомж зэрэг 20 гаруй бүтээл, хүүхдэд зориулан бичсэн “Хувдай ишигний паян” симфони үлгэр, “Халуун элгэн нутаг”, “Ээжээ дурсана”, “Эх орон” зэрэг 10 гаруй дуу, “Гурван найз”, “Түмний нэг”, “Хүний мөр”, “Үүрээр”, “Тунгалаг тамир”, “Их замын эхэнд”, “Бушхүүгийн үлгэр”, “Цэрэг эрсийн жирийн өдрүүд”, “Их замын тоос” зэрэг кинонуудын хөгжмийг туурвин бүтээж, “Баярын жавхаа” симфони удиртгал, “Говь гурван сайхан” симфони найраглал, “Халуун элгэн нутаг” дуугаараа 1971 онд төрийн шагнал хүртсэн.
Ц.Намсрайжав удирдаачийн хувьд монголын болон дэлхийн сонгодог сор бүтээлүүдийг анх удирдан хөгжимдүүлсэн юм.
Ц.Намсрайжав сонгодог урлагийг хөгжүүлэх, сурталчлах үйлсэд оруулсан гавьяа зүтгэлийг нь үнэлэн 1981 онд Ардын жүжигчин цол, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, улс хувьсгалын ойн медалиудаар шагнагдсан юм.
Эх орондоо хайртай хүн бүхний зүрх сэтгэлээс уяатай байдаг, “Зууны Манлай” дуугаар шалгарсан “Халуун элгэн нутаг” дуу нь зөвхөн Монголд бус Халимаг, Буриад, Өвөр Монголд дуулагдан, Монгол туургатны сүлд дуу болсон бөгөөд энэ дуунд зориулан хөшөө босгосон билээ.
1992 онд Улсын Филармонийг Ардын жүжигчин, төрийн шагналт Ц.Намсрайжавын нэрэмжит болгосон юм.
Ц.Намсрайжав
