Тайзны нэр: Наагий нь дуучин, дууны инженер, найруулагч, продюсер хүн юм.
Н.Наранбаатар нь 2003 онд “Натур саунд” дуулаачын төвд суралцаж төгсөн дуучин, продюсер Дашдондогийн “Дашка” студийн дэргэдэх дуучнаар шалгаран дуучин болох гараагаа эхэлсэн. "Дашка" студид дуучнаар ажиллахын хажуугаар саунд инженер мэргэжлийг эзэмшиж, 2011 он хүртэл ажиллахдаа бусад уран бүтээлчдийн 50 гаруй цомгийн дууны найруулагч, продюсерээр ажилласан төдийгүй дэлгэцийн уран бүтээл, жүжгийн дуун дээр бие даан ажилласан туршлагатай.[1]
Наагий 2005 онд “Чиний зүг” соло уран бүтээлээ гаргасан. 2009 онд Hot spot хамтлагт нэгдэн 2011 оны 1 сарын 1-нд есөн дуутай “Retro Pop” цомгоо гаргасан. Уг цомгийн бичлэгийн ажлууд "Дашка" студид явагдсан бөгөөд цомгийн ерөнхий продюсерээр Б.Наранзун ажиллажээ[2]. Түүнээс хойш Hot spot хамтлаг шинэ уран бүтээл хийгээгүй.
2012 оны 9 сард Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармонид уригдан гоцлол дуучнаар өнөөг хүртэл ажиллаж байгаа.
2011 оны 11 сарын 11-нд “N11 Studio” дуу бичлэгийн хувийн студийг нээж, өнөөдрийг хүртэл ажиллуулж байна. Дуучин Наагий нь поп урсгалаар дуулахаас гадна монголдоо тэргүүлэгч жазз уран бүтээлч болтлоо хөгжсөн юм. Монгол улсын филармонийн гоцлол дуучнаар мөн ажиллаж байгаа.
2016 оны 12 сарын 7-нд анхны жазз урсгалын цомгоо “Миний захидал” нэртэйгээр гарсан. Цомог нийт 10 дуутайгаас 1 оригинал, 4 монголын хуучны уянгалаг, хит дуунуудыг жааз хэмнэлд оруулсан хувилбар, 5 гадаадын алдартай жазз дууг коверлон оруулжээ.[3][4] Цомгийн ерөнхий продюсерээр өөрөө ажиллаж, миксинг мастеринг Radau Records /Герман/ нар ажилласан. Цомог Европын стандартаар шүүлгэж, дуу бичлэг, хөгжмийн найруулга нь бүгд олон улсын зэрэглэлд нийцэж буйгаараа онцлог.[5]
2018 онд Наранзунтай хамтран “Итгэл”, “Саран” уран бүтээлүүдийг гаргасан бөгөөд “Итгэл” дуу нь Үндэсний шилдэг 21 дууны жагсаалтад 3 долоо хоног дараалж тэргүүлсэн бол “Саран” дуу нь уг жагсаалтад 2 долоо хоног тэргүүн байр эзэлсэн юм.