ТӨРИЙН ШАГНАЛТ “БАЯН МОНГОЛ” ЧУУЛГА

“Баян Монгол” чуулга нь 1967 онд байгуулагдаж 1969 оны 7 дугаар сарын 10-нд Урлагийн Гавъяат Зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Чимэддоржийн удирдлагаар анхны тоглолтоо үзэгчдийн хүртээл болгож байсан тэр цагаас хойш Монгол улсад эстрад, жазз урлаг хөгжих нөхцөл суурь болсон. Энэ хамт олноос Монголын эстрадын урлагийн нэр алдартай дуучид, хөгжимчид хөгжмийн зохиолчид, удирдаачид төрөн гарч, уран бүтээл нь түгэн алдаршсан юм.

“Баян Монгол” чуулга нь өөрийн улсад мэргэжлийн сонгодог жазз хөгжмийг хөгжүүлэн, түгээн дэлгэрүүлэх, дэлхий дахинд Монголын жазз урлагийг сурталчилан таниулах зорилготойгоор ажиллаж байна.

“Баян Монгол” чуулгын бүтэц, бүрэлдэхүүн

“Баян Монгол” чуулгын удирдаачаар соёлын тэргүүний ажилтан С.Саруул-Од ажиллаж байгаа бөгөөд жазз хөгжмийн хамгийн том биг бэнд оркестрын стандартаар буюу саксафони хөгжмийн хэсэг, тромбон хөгжмийн хэсэг, труба хөгжмийн хэсэг, ритм хэмнэлийн хэсэг гэсэн 20 хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлээ туурвиж байна.

Урын сан

Монгол ардын дууны найруулга, хөгжмийн зохиолчдын дуу, хөгжмийн бүтээл, уран сайхны болон баримтат кино, телевиз, радио, жүжиг, мюзикл, хүүхдийн дуу, Оросын жазз хөгжмийн бүтээлүүдээс хөгжимдөхийн зэрэгцээ Дэлхийн жазз хөгжмийн сонгодог үеүдээс эхлээд орчин цагийн жазз хөгжмийн бүхий л урсгал хэлбэрээр урын сангаа баяжуулан тоглож байна.

“Баян Монгол” чуулгын шагнал

2000 онд ОХУ-д болсон Олон улсын жазз хөгжмийн наадамд дэд тэргүүн байрын шагнал, 2005 онд БНАСАУ-д уламжлал болгон зохиогддог “Хаврын баяр” олон улсын наадамд удирдаачын Алтан Цом, гоцлол хөгжмийн Алтан Цом, “Алтан Намар” хөгжмийн наадмын гурван удаагийн шагнал, гоцлол хөгжимчдийн шагнал зэрэг олон шагнал хүртсэн. Мөн 2019 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Төрийн Шагнал” хүртсэн.

Аялан тоглолт

ОХУ-ын жазз хөгжмийн зохиолч, удирдаач В.Смагин, Куба улсын удирдаач Эдди Гайтан, Раймондо Калисдо, Рей Монтёсинос, Ремберс, Болгар улсын удирдаач Крилл Экиномов зэрэг зочин удирдаачид уригдан ажиллаж байсан ба тус найрал хөгжим нь Куба, ОХУ, БНХАУ, ХБНГУ, Унгар, Румын, Чех, Польш, Узбек, БНАСАУ зэрэг улс, орнуудад айлчлан тоглолт хийж байсан.

Цомог

“Баян Монгол” чуулга нь “Баян Монгол & Соёл-Эрдэнэ” пянз, “Баян Монгол” пянз, “Баян Монгол-40” хос цомог, “Баян Монгол” чуулга цомог, “Баян Монгол” пянз, “Монгол Улсын Филармони” цомог мөн хөгжмийн зохиолчид, уран бүтээлчдийн цомгуудын хөгжмийг бичүүлж хэвлүүлсэн.

Top