Мэндчилгээ

Image

“Хөгжим бол хүний сэтгэлийг сэргээж, гунигийг тайлагч ид шид юм” хэмээн нэгэн суутан хэлсэн байдаг. Тэгвэл хөгжимчид тэр гайхамшгийг бүтээгч ид шидтэнүүд болж таарна. Тэрхүү шидтэнүүдийн эв эеийн чуулган болсон хөгжмийн урлагийн төв байгууллага үүсэж хөгжөөд, бүтээн туурвисаар өдгөө хагас зуун жил болох гэж байна. ТШ, АЖ Ц.Намсрайжав, УГЗ Г.Бирваа тэргүүтэй алдартан, ахмадуудын маань шавыг нь тавьж, галыг нь ноцоосон яруу тунгалаг “Симфони найрал хөгжим” өргөжин тэлж, өнгөжин жавхаажсаар алдарт “Баян Монгол” чуулгаар хүчээ зузаатгаж, улмаар дэлхийд данстай “Морин хуурын чуулга” хөг, түрлэг нэмсээр гурван сонгодог оркестртой томоохон байгууллага болон төлөвшиж ирлээ. Энэ ч утгаараа Монгол Улсын Филармони нь дэлхийн сонгодог, үндэсний сонгодог, орчин цагийн сонгодог хөгжмийн урлагийн гурвалсан нэгдэл юм.

Мөн үе үеийн авъяас билэгт удирдаачид, хөгжмийн зохиолчид, нэрт дуучид болон ажилтан, албан хаагчдын хөдөлмөр зүтгэл, бахархам түүхийг мартах учиргүй.

Хүн төрөлхтний хөгжлийн түүх гурван цагийн өрнөлтэй байдаг шиг Монгол Улсын Филармонийн түүхэн замнал ч өнгөрсөн үеийнхний бахдам он жилүүд, өнөө бидний хичээл зүтгэл, ирээдүй хойчийн ирмүүн мөрөөдөл бүхэнтэй салшгүй холбоотой.

Бидэнтэй үргэлж хамтдаа байсаар ирсэн, хөгжмийг ойлгож, хайрлаж, уран бүтээлчдийг дэмжиж хамтарсаар ирсэн эрхэм сонсогч үзэгчид, ажил хэргийн хүндэт түншүүд, төрийн болон төрийн бус байгууллагууд, мөн хувь хүмүүст нийт хамт олныхоо нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал дэвшүүлж, ажлын амжилт, амьдралын сайхан бүхнийг хүсэн ерөөе. “Хөгжмийг хүн бүрт” уриан дор нэгдэж, хөгжлийг газар бүрт хамтдаа бүтээх хэн бүхэнд Улсын Филармонийн үүд хаалга, өрнүүн бүхэнд нээлттэй байх болно.

Дэлхий ертөнцийн чиг хандлага Би-ээс зайлсхийж Бид-рүү хандаж байна.

“Хурдан явъя гэвэл ганцаараа

Хол явъя гэвэл олуулаа” Бид хөгжмийг хамгийн сайхнаар бүтээе

Хамтдаа хөгжлийн сайн жишээг харуулцгаая.

УЛСЫН ФИЛАРМОНИЙН ЗАХИРАЛ
Image
С.БАТТУЛГА
Top